Гадаад хөрөнгө оруулалтын тухай
PDF Хэвлэх И-мэйл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

 

1993 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

БҮЛЭГ I 

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах  болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулахад оршино. /Энэ зүйлд 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж

1. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

1. "Гадаадын хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлсийг хэлнэ.

2. "Гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харъяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ.

З. "Монголын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж буй монголын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харъяалалгүй хүн/- ийг хэлнэ.

4. ”хөрөнгө оруулалтын гэрээ” гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх   хэлцлийг хэлнэ; /Энэ хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

5. ”нэг цэгийн үйлчилгээ” гэж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензи, гэрчилгээ авах, дүгнэлт, үнэлгээ хийлгэх тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг нэг дор хүлээн авч, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх иж бүрэн үйлчилгээг. /Энэ хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалт хийх хүрээ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээс бусад хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт хийж болно.

2. Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосноос бусад нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалт хийж болно.

5 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын төрөл

1. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь төрлийн хөрөнгө оруулалт хийж болно:

1/чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнг төгрөгөөр олсон орлого;

2/хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх;

З/оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх.

6 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх хэлбэр

Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:

1/ гадаадын хөрөнгө оруулагч дангаараа аж ахуйн нэгж байгуулах; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ гадаадын хөрөнгө оруулагч монголын хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;

3/  гадаадын хөрөнгө оруулагч тус улсын аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу  худалдан авах замаар шууд хөрөнгө оруулалт хийх; /Энэ заалтыг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/ байгалийн баялгийг ашиглах, боловсруулах талаар хууль тогтоомж, концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу эрх олж авах. /Энэ заалтад 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/  маркетинг, менежментийн гэрээ байгуулах; /Энэ заалтыг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/ санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх. /Энэ заалтыг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Хувьцаа, бусад үнэт цаас худалдаж авах

Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авч болно.

БҮЛЭГ II 

Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах

8 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн баталгаа

1. Гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалттай байна.

2. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг хориглоно. /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс, зөвхөн хуульд заасан журмын дагуу, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр, бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан гаргуулж болно.

4. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдэх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг саадгүй гүйцэтгэнэ.

5. Монгол Улсад онц болон дайны байдал бий болсноос гадаадын хөрөнгө оруулагчид учирсан хохирлыг монголын хөрөнгө оруулагчтай адил нөхцөлөөр шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулагчдад олгох нөхцөл

Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

10 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг

1. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь эрх эдэлнэ:

1/ эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түүний дотор аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөд хувь хөрөнгө болгон оруулсан эд хөрөнгөө гадаадад буцаан гаргах; /Энэ заалтад 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох;

З/ бусад этгээдэд хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;

4/ дараахь орлого, ашиг,  төлбөрөө гадаадад саадгүй гуйвуулах:

а/ өөрт ногдох хувь нийлүүлэгчийн орлого, хувьцааны ногдол ашиг;

б/ эд хөрөнгө, үнэт цаас борлуулсан, эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон болон аж ахуйн нэгж татан буугдсаны дараа өөрт нь ногдох орлого;

в/ үндсэн өр, хүү болон бусад адилтгах төлбөр;

г/ дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөр;

д/ хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого

/Дээрх 4 дүгээр заалтыг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/ хууль тогтоомжид заасан бусад эрх.

2. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь үүрэг хүлээнэ:

1/ Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дүрэм, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх; /Энэ заалтыг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4/ монголын ард түмний үндэсний ёс заншлыг хүндэтгэх.

БҮЛЭГ III 

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа /Энэ бүлгийн гарчигт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж

1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ. /Энэ хэсгийг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь бүртгүүлсэн өдрөөсөө эхлэн Монгол Улсын хуулийн этгээд болох бөгөөд үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулна.

12 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох

1.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг өргөдөл, холбогдох баримт бичгийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж  байгуулах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

1/хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, иргэний харьяалал;

2/хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ;

3/аж ахуйн нэгжийн хэлбэр;

4/хөрөнгө оруулах үндсэн салбар, эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ;

5/хөрөнгө оруулах, хэрэгжүүлэх үе шат, хугацаа.

3.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

1/хөрөнгө оруулагчийн тухай танилцуулга, иргэний үнэмлэх, гадаад паспорт болон хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дүрэм;

3/хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;

4/хөрөнгө оруулагчийн төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт /эзэмшиж байгаа өмчийн тодорхойлолт/;

5/техник-эдийн засгийн үндэслэл;

6/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан зориулалтын ажлын байрны түрээсийн гэрээ/;

7/Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрөл.

4.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг хүссэн  өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дараахь дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ:

1/хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх;

2/байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл;

3/стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэх;

4/техник, технологийн түвшний үнэлгээ.

5.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т заасан дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын дагуу гаргана.

6.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах өргөдлийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж гаргах бөгөөд түүнд  дараахь зүйлийг тусгана:

1/гадаадын хуулийн этгээдийн нэр, хаяг;

2/гадаадын хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар;

3/төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны   чиглэл;

4/төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил.

7.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

1/ гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар;

2/гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;

3/төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт;

4/төлөөлөгчийн газрын дүрэм;

5/төлөөлөгчийн газрын хаяг /хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан зориулалтын ажлын байрны түрээсийн гэрээ/.

8.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг байгуулахыг зөвшөөрвөл гэрчилгээ олгох бөгөөд загварыг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

9.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон бол эрх бүхий байгууллагад ажлын 10 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ажлын 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

10.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор татгалзсан үндэслэлийг заасан хариуг бичгээр өгнө.

11.Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянан үзэж, өргөдөл хүлээн авснаас хойш  ажлын 10 хоногийн  дотор шийдвэрлэнэ. /Дээрх 12 дугаар зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Дээрх 12 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

1З дугаар зүйл. Эд хөрөнгө, оюуны үнэт зүйлсийг үнэлэх

1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхээр хөрөнгө оруулагчдаас оруулах эд хөрөнгө, оюуны үнэт зүйлсийг чөлөөтэй хөрвөх валютаар болон төгрөгөөр үнэлгээний адил зарчим баримтлан хөрөнгө оруулагчид харилцан тохиролцож үнэлнэ. Хэрэв хөрөнгө оруулагч шаардлагатай гэж үзвэл уг үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх  эрх бүхий  дотоодын болон гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно. /Энэ хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Төгрөгийг Монголбанкнаас тогтоосон тухайн үеийн ханшийг баримтлан чөлөөт валютад хөрвүүлж тооцно.

14 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

1. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь  бүрэн эрхтэй:

1/ гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн зорилттой уялдуулан  боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

2/ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих;

3/ гадаадын хөрөнгө оруулах тэргүүлэх салбар, чиглэлийн талаар санал  боловсруулах.

2. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:

1/ гадаадын хөрөнгө оруулалтын талаархи бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

2/гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог судлах, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төслийн тендерт гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах;

3/ гадаадын хөрөнгө оруулагчдад “нэг цэг”-ийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх;

4/хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дараахь статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр авч нэгдсэн сан хөтлөх:

а/хөрөнгө оруулалтын хэмжээ /өөрийн хөрөнгө/;

б/татвар төлөлт;

в/нийгмийн даатгалын шимтгэл төлөлт;

г/ажлын байрны тоо;

д/гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл;

е/экспорт, импортын хэмжээ, нэр, төрөл.

/Дээрх 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн      этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хянан шийдвэрлэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7/  хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан зарим үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ. /Энэ зүйлийг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын гэрээг бүртгэх /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрчилгээ авсан гадаадын  хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Гадаадын  хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд оруулсан өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  бүртгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  хөрөнгө оруулалтын гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл, хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар батлагдсан хуулбарыг үндэслэн бүртгэж, холбогдох гэрчилгээг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор олгоно. /Энэ зүйлийг 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох /Энэ зүйлийн гарчигт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Монгол Улсын хуульд заасан үндэслэлээр зогсооно. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан дүгнэлтийн аль нэгийг зөрчиж байгаа нь мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтээр тогтоогдвол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоож болно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг татан буулгах /Энэ зүйлийн гарчигт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Үйл ажиллагаа нь зогссон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж энэ тухай шийдвэрийг уул шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дууссан, хөрөнгө оруулагч гэрээгээ цуцалсан, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд гэрээг  бүртгэлээс хасч гэрчилгээг хүчингүй болсонд тооцно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Энэ хэсгийг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж татан буугдаж байгаа бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг хүчингүй болгож энэ тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Татан буугдаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эцсийн тооцоо хийж дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан орлого, ашгаа гуйвуулж болно. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл. Татвар ногдуулах

1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулна. /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжүүлэгчид үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль[1], Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль[2], Онцгой албан татварын хууль[3], Газрын тухай хууль[4]-иар зохицуулна. /Энэ хэсгийг 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Энэ хэсгийг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19 дүгээр зүйл. Тогтвортой байдлын гэрээ

1. Монгол Улсад 20 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах  хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал түүний үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрх зүйн баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж татварын бодлогын  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хөрөнгө оруулагчтай  тогтвортой байдлын гэрээг байгуулж болно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Тогтвортой байдлын гэрээний загварыг Монгол Улсын  Засгийн газар батална. Энэхүү гэрээний загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацааны тухай нөхцөлийг агуулсан байна.

3.  Гадаадын хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 20 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг байхаар бол тогтвортой байдлын гэрээг 10 жил,  50 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байхаар бол  15 жилээр тус тус  байгуулна. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дампууруулаагүй, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоогоогүй, талууд харилцан тохиролцож хэлэлцээрийг цуцлаагүй байхад гадаадын хөрөнгө оруулагч өөрөө санаачлан тогтвортой байдлын гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд уг хөрөнгө оруулагчид татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлүүлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ зүйлийг 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Энэ зүйлийг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

20 дугаар зүйл.  Тогтвортой байдлын гэрээ байгуулах

1. Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хүссэн хөрөнгө оруулагч  энэ тухай өргөдөл, гэрээний төслийг татварын бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлнэ.

2. Татварын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг  өргөдөл, гэрээний төслийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдөрт багтаан хянаж, нэмэлт тодруулга хийх шаардлагагүй гэж үзвэл өргөдөл гаргасан этгээдтэй гэрээ байгуулна. Хэрэв нэмэлт, тодруулга хийх шаардлагатай бол энэ тухай өргөдөл гаргагч этгээдэд  ажлын 7 өдрийн дотор мэдэгдэнэ.

3. Тогтвортой байдлын гэрээний тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.” /Энэ зүйлийг 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /Энэ зүйлийг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн /

21 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгээр, гэрээний үндсэн дээр ашиглуулна. /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Гэрээнд газар ашиглуулах нөхцөл, хугацаа, байгаль орчны унаган төрхийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, газар ашигласны төлбөр, хоёр талын хүлээх хариуцлагыг тусгана.

З. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараахь журмаар байгуулна: /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай;

2/ монголын хөрөнгө оруулагч оролцсон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч уул аж ахуйн нэгжийн удирдлагатай;

З/ монголын хөрөнгө оруулагч оролцсон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хувийн өмчийн газар ашиглуулах гэрээг төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр уул газрын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлагатай.

4. Энэ зүйлийн З дахь хэсгийн 2, З-т заасан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлагын байгуулсан газар ашиглах гэрээнээс үүсэх хариуцлагыг Монголын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөд оруулсан хувь хөрөнгөтэйгээ тэнцүү хувь хэмжээгээр хүлээнэ. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 6О жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгаж болно. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6. Газар ашиглуулах гэрээний хугацаа дуусахаас өмнө гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж татан буугдсан бол газар ашиглуулах гэрээний хугацаа нэгэн зэрэг дуусгавар болно. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7. Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг солих буюу эгүүлэн авч болно. Энэ тухай шийдвэрийг гагцхүү Засгийн газар гаргана. Үүний улмаас гадаадын хөрөнгө оруулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг саадгүй гүйцэтгэнэ. Нөхөн төлбөрийн хэмжээг газрыг солих буюу эгүүлэн авах үеийн үнэлгээг үндэслэн тодорхойлно.

8. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал газар ашиглуулах гэрээг цуцална.

22 дугаар зүйл. Санхүү, зээл, бүртгэл, хяналт

1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь санхүү, татвар, зээл, тооцоо, валютын гүйлгээтэй холбогдолтой үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулна. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцлээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хөтөлнө. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн болон арилжааны үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу улсын санхүүгийн хяналтын байгууллага, эсхүл хяналтын зохих эрх бүхий хөндлөнгийн байцаагч хянан шалгана. Шаардлагатай гэж үзвэл гадаадын хөндлөнгийн хяналтын байгууллагыг оролцуулж болно. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2З дугаар зүйл. Даатгал

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монголын даатгалын байгууллагад даатгуулж болно. /Энэ зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24 дүгээр зүйл. Хөдөлмөр, нийгэм хамгааллын харилцаа /Энэ зүйлийн гарчигт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол Улсын иргэдийг тэргүүн ээлжинд авч ажиллуулна. Нарийн мэргэшил, мэргэжлийн өндөр ур чадвар шаардагдах ажилд гадаадаас хүн авч ажиллуулж болно. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн  авах асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсгийн 3 дахь өгүүлбэрийг 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллаж байгаа Монгол Улсын иргэдтэй холбогдсон хөдөлмөр, нийгэм хамгааллын харилцааг Монгол Улсын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалтай холбогдсон хууль тогтоомжоор зохицуулна. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллахаар гадаадаас ирсэн хүн хөдөлмөрийн хөлс, бусад орлогоосоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх бөгөөд үлдсэн орлогоо гадаадад гуйвуулах эрхтэй. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

БҮЛЭГ IV 

Бусад зүйл

25 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

Гадаадын хөрөнгө оруулагч болон монголын хөрөнгө оруулагчийн хооронд, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч болон монголын хуулийн этгээд, хувь хүний хооронд гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг Монгол Улсын олон улсын гэрээ, талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүх шийдвэрлэнэ. /Энэ зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 199З оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА         Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                    Н. РИНЧИНДОРЖ