Киотогийн Протокол
PDF Хэвлэх И-мэйл

Киотогийн протокол

Конвенцийг 1994 онд хүчин төгөлдөр болсноос хойш жил бүр талуудын бага хурлыг зохион байгуулахаар болсон бөгөөд энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цаашид авч хэрэгжүүлэх бодит алхамуудыг хэлэлцэж байхаар  болсон байна.  1997 онд Киото хотноо зохион байгуулагдсан талуудын 3-р бага хурлаар Киотогийн протоколыг гаргасан бөгөөд энэхүү протоколоор өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийн ялгаралаа бууруулах тоон үүрэг хүлээсэн.

2005 оны 2 дугаар сарын 16 ны өдрөөс эхлэн Киотогийн протокол хүчин төгөлдөр болсон. Уг протокол албажсанаар дэлхийн зах зээлд “хүлэмжийн хий” гэгч шинэ бараа бий болсон. 
Монгол улс шиг хөгжиж байгаа улс орнууд шинжлэх ухаан, техник технологийг хөрөнгө зардалгүйгээр, хүлэмжийн хийн ялгарлаа багасгах замаар хүлээн авч, энэ үйл ажиллагаанд оролцох боломжийг уг протокол нээж байгаа гэсэн үг. Хоцорсон технологитой үйлдвэр, аж ахуйн нэгжтэй бидний хувьд энэ нь том боломж юм. Шинэ боломжийг ашиглаж шийдвэртэй алхам хийхийг Монгол улс дэмжиж байна. 
Нэг тонн нүүрс шатаахад 1,7 тонн нүүрсхүчлийн хий агаарт ялгардаг гэж үзвэл зөвхөн Улаанбаатарт жилд 3 сая тонн нүүрс шатаадагаараа Монгол улс шинэ барааны зах зээлд хэрхэн оролцох боломж буйг илтгэж болно. Мөн олон зуун мянган авто машин, уул уурхай, хог хаягдлын нэгдсэн цэг, цементийн болон барилгын материалын үйлдвэрүүд гэх мэт бохирдуулагч эх үүсвэр олон юм. Хөгжиж буй орнуудад шинэ технологи шилжүүлэх дээр өгүүлсэн арга замыг Цэвэр хөгжлийн механизм гэж дэлхий нийтээр нэрлэдэг бөгөөд улс орон бүр энэ асуудлыг хариуцсан албан байгууллага, үндэсний товчоотой болжээ.   Өнөөдрийн байдлаар 130 орчим улс Киотогийн протоколд нэгдэж гарын үсэг зураад байгаа бөгөөд 60 гаруй орон Цэвэр хөгжлийн механизмын үндэсний товчоогоо байгуулаад байна. 
Монгол улсын Байгаль орчны сайд нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Үндэсний хорооны даргын хувьд  тушаал гаргаж Үндэсний товчоо байгуулсныг  конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар албан ёсоор бүртгэсэн байна. 
Ийнхүү улс орон бүрт төр, засгийн зүтгэлтнүүд, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн мэргэд хамтран ажиллах нэгэн чухал салбар эхэлж байгаа. Байгаль орчны тулгамдсан асуудал дэлхийн хэмжээнд яригдаж улс төрчдийн ярианы сэдэв, төрийн бодлогын тулгуур  болж чадсан жишээ бол Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Киотогийн протокол юм. Агаар мандлыг хэн, хаана бохирдуулахаас үл хамааран дэлхий нийтээрээ хамтран багасгаж буй энэ үйл хэрэгт Монгол улс ч өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Киотогийн протоколыг хэрэгжүүлэгч механизмууд

Киотогийн протоколын хүрээнд хавсралт 1-н улс орнууд бусад орнуудтай тус протоколд заасан нэгжүүдээр арилжаа хийх замаар зөвшөөрөгдсөн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг өөрчлөх боломжтой болдог. Энэхүү арилжааг Коитогийн механизмуудын дагуу хийдэг. Киотогийн протоколыг хүчин төгөлдөр болоход нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй энэхүү зах зээлийн уян хатан механизмууд юм.Киотогийн механизмд:

  • Ялгарлын арилжаа

Европын холбооны ялгарлын арилжааны систем (ЯАС) бол Киотогийн протоколын бүс нутгийн арилжааны нэг жишээ юм. Ялгарлын арилжааны хүрээнд хавсралт 1-н улсууд Киотогийн протоколын нэгжийг бусад хавсралт 1-н орнуудад шилжүүлэх эсвэл тэднээс авч болно.;

  • Хамтран хэрэгжүүлэх (ХХ)

Хамтран хэрэгжүүлэх механизмын үед хавсралт 1-н орнууд ялгарлыг бууруулах эсвэл огт байхгүй болгох төслүүдэд хөрөнгө оруулж, түүнийхээ үр дүнд кредит хүлээн авдаг. Хамтарсан хэрэгжилтэд ялгарлын бууралт (ЯБ) хэмээх нэгжийг  ашигладаг. Хамтран хэрэгжилтийн үед ялгарлын бууралтыг хоёр аргаар шалгадаг бөгөөд тэдгээр нь ‘шалгалт 1’, ’шалгалт 2’ хэмээн нэршсэн байдаг;

  • Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ)

Цэвэр хөгжлийн механизм нь мөн төсөл дээр тулгуурладаг бөгөөд хавсралт 1-н бус орнуудад хэрэгжүүлж буй төслүүдийн бууруулсан ялгарлыг арилжаалах явдал юм. ЦХМ-н төслүүд нь тодорхой шаардлагуудыг хангасны дараа, бүртгэл, баталгажуулалт, шалгалт зэргийг тодорхой журмын дагуу хийлгэж, төсөл хэрэгжилтийн үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг суурь хүлэмжийн хийн хэмжээтэй харьцуулан тодорхойлж, түүнтэй дүйцэх кредитийг хүлээн авдаг. ЦХМ-н Гүйцэтгэх зөвлөлөөс COP/MOP-н удирдамжийн хүрээнд ЦХМ-г хянаж байдаг. Гүйцэтгэх зөвлөл нь төслийн суурь аргазүй болон хяналтын аргазүй мөн ялгарлын бууралтыг тооцоолох аргазүйг батлах үүрэгтэй. Түүнчлэн ГЗ нь баталгаажуулалт хийх байгууллагыг магадлан итгэмжилж, магадлан итгэмжлэх журмыг боловсруулдаг. ЦХМ-н төслийн бууруулсан хүлэмжийн хийг тодорхой аргазүйн дагуу хянан шалгаж, тооцоолдог.

Киотогийн протоколоор дараах 6 төрлийн хийг хүлэмжийн хий гэж тодорхойлсон.

Хүлэмжийн хий Эх үүсвэр
CO2 Тээврийн хэрэгсэл, цахилгаан эсвэл дулаан үйлдвэрлэхтэй холбоотой fossil fuels-н шаталт; тодорхой үйлдвэрлэлийн процесс, халуун орны ойг тайрах.
N2O Хөдөө аж ахуй, химийн үйлдвэрлэл, шатаах үйл ажиллагаанууд.
CH4 Хөдөө аж ахуй, газрын тос, хийтэй холбоотой үйл ажиллагаа болон хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа.
SF6
HFCs
PFCs
Тодорхой үйлдвэрлэлийн процессууд (хөнгөн цагаан эсвэл магнезиум- хагас дамжуулагчийн үйлдвэрлэл), шүршигч бодисууд, агааржуулагч болон дулаалгын хөөсөнцөр.